Tuesday, August 20, 2013

Ардын бүжгийн тухай




Бүжиг нь бүр хүй нэгдлийн үед хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаа, аж амьдралтай нягт холбоотой үүсч, үе үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, сүсэг бишрэл, зан үйлийг нь тусган харуулж байжээ.
   
          Анчин омгуудын хүмүүс анд явахынхаа өмнө далдын хүчинд сүсэглэн, ангаа олз омогтой болгохыг хүсэмжлэн бүжиглэхдээ нэг нь ямар нэгэн амьтныг дүрслэн бусад нь түүнийг агнаж байгаа байдлаар бүжиглэдэг байсан нь тэдний санаа сэтгэл, урам зоригийг бадрааж өгөхийн зэрэгзэрэгцээ зохих ёсны давтлага сургууль болдог байлаа.

          Ардын бүжиг нь дуу, хөгжимтэй холбоотой үүссэн бөгөөд хөгжим бол түүний үндэс нь болж өгдөг тул хөгжимгүй бүжиг гэж ер байдаггүй. Гэвч хөгжмийн хамгийн энгийн зэмсэг үүсэхээс өмнө хүртэл бүжиг нь бүжиглэгчид ба үзэгчдийн тодорхой хэмнэл бүхий алга ташилтар хийгддэг байсан бөгөөд одоо ч гэсэн дундат азийн зарим үндэстнүүдийн ардын бүжиг, Югослав ардын “Коло” зэрэг бүжиг нь зарим ая хөгжимгүйгээр бүжиглэдэг боловч хөгжмийн тодорхой хэмнэлд захирагдан, бөмбөр товшууртай зарим хөгжмийн зэмсэг дагалддаг байна.
Улс үндэстэн бүр нь өөрийн онцлогийг тусгасан ардын бүжгийн урлагтай байдаг ба энэ урлаг нь нийгмийн хөгжлийн дагуу өөрчлөгдөн баяжиж тусган илэрхийлдэгийн хувьд тус улс үндэстний өвөрмөц түүх нь болдог байна.
Ардын ийм бүжгүүд нь торгуудын “агсал”, “цацал”, буриадын “ёохор”, “хатриа”, халхын “тойрон бүжиг”, оросын “хоровод”, “кадриль”, украйны “гопак”, испанийн “болеро”, чехийн “полька”, польшийн “мазурка” гэх зэрэг байна. Ардын бүжиг нь тайзан дээр тоглогдохоор зохиогдсон бүжгээс ялгаатайгаас гадна бүх бүжгийн эх үүсвэр нь юм.
Ц.Сэвжидийн “Адуучин”, “Саальчин”, “Ээрүүлт”, “Жалам хар”, Г.Долгорсүрэнгийн “Үелзүүр”, “Эрх ишиг” “Эртний бүжиг” зэрэг олон арван бүжгийн зэрэгцээ орчин үеийн хүмүүсийн амьдрал ахуйг дүрслэн харуулсан “Нэхмэлчид”, “Цоглог залуу”, “Охидын уянга”, “Жимсчин” “Манай цэргийн жавхаа” зэрэг шилдэг бүжгүүдийг манай бүжиг дэглээчид найруулсан байна.
Монгол оронд эрт дээр үеэс бүжгийн урлаг үүсч, хөгжиж байсныг эртний бичиг судар, ардын аман зохиолоос судалж шинжилсээр байна. Эдгээр бичиг зохиолуудад эрт дээр үед “Дэвсэх мод” хэмээх эрэмгий ширүүн хөдөлгөөнтэй тойрон бүжиг, шувууд амьтдын төрх байдлыг дүрслэн харуулахын зэрэгцээ хүний зан төлөвийг бас илэрхийл сэн бүжиг, дуут бүжиг, үгтэй бүжиг, ёслолын бүжиг зэрэг олон төрөл зүйлийн бүжгүүд байсныг дурдсан байдаг. 
Монгол бүжгийн ихэд уламжлагдан ирсэн нэг хэлбэр бол биелгээ юм. Биелгээг гэрт буюу тойрон суусан хүмүүсийн дунд зай багатай газар бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн бөгөөд бүжиглэгчийн тоглолт чухал үүрэгтэй байв.
Биелгээ нь морин хуурын эгшиг, дууны аяар бүжиглэгдэн уг хөгжим дуунд туссан утга санааг илэрхийлдэг байжээ. Эрт дээр үед манай оронд ийм сайхан бүжгүүд байсан боловч тэр нь нийт ард түмний хүртээл болж хараахан чадаагүй бөгөөд нийгэмд нөлөөлөх хүчин зүйл болохгүй, гэр зуур айл хоорондын болон цөөн тооны хүмүүс буюу ноёд баядын зугаа цэнгэлийн хэрэглүүр болж байлаа.


Бүжгийг дотор нь ардын бүжиг, түүхийн бүжиг, сонгодог бүжиг гэж хуваадаг. Ардын бүжиг гэдэг нь ард түмний амьдралын хүсэл мөрөөдөл, ёс суртахууныг илэрхийлсний дээр өргөн дэлгэрч хөгжжээ. Аль ч талаараа тайзан дээр тоглохоор зориуд зохиосон бүжгээс ялгаатай байдаг атлаа бүх бүжгүүдийн эх сурвалж нь болдог. Халх бүжигт гол төлөв уул ус, нутаг орон, сайн морь, сайхан баатарын дүрийг дүрсэлдэг бол халх эмэгтэйчүүд өөрсдийн хөдөлмөрийн байдал буюу сүү саах, ноос савах, дээс томох гэх мэт хөдөлгөөнийг бүжигтээ шингээсэн байдаг. Монголын бусад ястангуудын бүжиг монголын бүжгийн урлагт том суурийг эзэлдэг бөгөөд торгууд ард түмний  “агсал”, “цацал” зэрэг бүжгүүд өнөөг хүртэл уламжлагдан иржээ. “Агсал” бүжиг нь торгууд ардын нэгэн баатар эрийн дүрийг амилуулсан байдаг. Дөрвөдийн “аягатай бүжиг”-т эмэгтэйчүүдийн цээжний сул чичиргээ бүхий уян хөдөлгөөн дээр үндэслэн толгой дээрээ тавьсан аягатай сүүг цалгиулалгүй бүжиглэдэг онцлогтой. Баруун монголын бүжгийн ерөнхий хөдөлгөөн нь цээжний хөдөлгөөн бөгөөд голдуу гэрт дугуйран суусан хүмүүсийн дунд бүжиглэдэг учраас тэр байдалд зохицсон байдаг. Хасаг бүжиг нь хоёр гар, толгой мөрний нэлээд түргэн хөдөлгөөн ихтэй, нэг хөдөлгөөнөөс нөгөө рүү шилжих нь хурдан байдаг. Буриадын “хатир” бүжиг нь мөн адил хөл толгойн түргэн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэхийн хамт ихэнх нь дуутай байдгаараа онцлогтой. Буриадын “ёохор”, “еэхэр”, “ээрэмших”, “ниргэлгээ” зэрэг тойрон бүжгүүдийг нийтээрээ сайн мэддэг билээ.
Түүхийн бүжиг нь түүхийн сэдвээр зохиогдсон байдаг бөгөөд хүн ардын аж амьдрал,  зан заншил, ёс суртахуун, хувцас хунар зэргийг үнэн бодит байдлаар үзэгчдэд харуулж таниулах зорилготой. Энэ төрөлд хамаарах монголын эртний хаадын ордны бүжиг нь тухайн үеийн угсаатны амьдрал байдлыг харуулж, түүнд шингэсэн ардын бүжиглэлийн үндсүүдийг илэрхийлдэг. “Юань улсын судар”-ын 21 дүгээр дэвтэрт өгүүлснээр, тухайн үед хаадын орд өргөөнд “Эрдмийг эрхэмлэх бүжиглэл”, “Дээд тэнгэрийн хааны сууринд архи өргөх бүжиглэл”, “Газар бүхний эх тэнгэрт архи өргөх бүжиглэл”, “Тайзугийн сууринаас архи өргөх бүжиглэл” гэх зэргийн ёслолын бүжиглэл байсан байна. Энэ бүжгүүд тус тусдаа дэг хөдөлгөөнтэй бөгөөд хэнгэрэг дэлдэх тоолонд бүжгийн нэг дэг хөдөлгөөн нөгөөгөөрөө солигдон шилждэг байжээ. Эдгээр ёслолын бүжиглэлээс гадна “Өвгөдийн сүмийн бүжиглэл” гэдэг ёслолын мөртлөө шүтлэг тахилгын чанартай бүжгийг тэр үед хийж байжээ. Монголчуудын бүжгийн эртний хэлбэр нь бөөгийн бүжиг, сүүлчийн хэлбэр нь цамын бүжиг юм. Сүм хийдийн цамын бүжигт монгол ардын эрт үеэс уламжлан ирсэн аман зохиолоос сэдэвлэсэн олон бүжгийг дэглэдэг байв. Хувьсгалаас өмнө сүм хийдийн цамаас гадна тусгайлан тоглогдож байсан бүжиг бий. Халхын То вангийн санаачлан байгуулсан “Хөгийн найман багачуудын дэг” нэртэй уран сайхны тоглолтыг “Хамгийг хамгаалагч”, “Тамсагийн хийд” зэрэг сүм хийдэд тоглодог байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг Гүн нуурын дэргэд “Асрын наадам” зохион байгуулж дан эмэгтэйчүүд өнгө өнгийн алчуур нэг гартаа барин, нөгөө гартаа дэвүүр барин дуутай бүжиг хийдэг байжээ. Хүрээнд “сагар, чогор” хэмээх бүжиг тоглож байжээ. Сагар гэдэг нь түвдээр “газраар тойрно” гэсэн утгатай, чогор гэдэг нь “магтан ерөөж өргөнө” гэсэн утгатай түвд үг юм. Тус бүжиг Түвдээс гаралтай ардач үзэлтэй бүжиг байсан бөгөөд Монголд шарын шашин дэлгэрэх үед үүсчээ.  Сонгодог бүжиг бол ардын бүжгээс үүсэн гарсан бөгөөд ардын бүжгийн урлагаас сурвалж авч байдаг бүжгийн урлаг юм. Монголд эртнээс нааш театрын тайзан дээр биеэ даасан утга санаатай, хөдлөл хөдөлгөөнтэй орчин үеийн монгол бүжиг бий болжээ. Тухайлбал, “наадам”, “бөхчүүд”, “манай хувцас”,  “цаатан”, “баярын өглөө”, “хүрэн толгод”, “адуучин”, “хоёр залуу”, “галын наадам”, “эрх ишиг”, “тэшүүрчин”, “шилбүүрт бүжиг”, “хургачин” гэх мэт олон бүжгүүдийг нэрлэж болох бөгөөд Лувсангомбо, Цэрэндулам, Гомбо, Лувсангунгаа, Раднаа, Ичинхорлоо, Сэвжид,  Мажигсүрэн, Гочоосүрэн, Нанжид зэрэг алдарт бүжигчин, бүжиг дэглэгч нар эдгээрийг төрүүлжээ.
 

Бэлхүүсний бүжиг /Belly Dance/

Бэлхүүсний бүжиг буюу ракс шарки нь Араб, Перс, Турк зэрэг Дундад Дорнын ард түмний бүжгийн төрөл юм. Бэлхүүсний бүжигтухайн улс, бүс нутгаас хамааран стиль, хувцас зэргээрээ ялгарах ба сүүлийн үед Өрнийн болон Дэлхийн бусад орнуудад их сонирхох болсноор олон шинэ стиль бий болж байна.
Бэлхүүсний бүжигт гуя, мөр, цээж, хэвэл, бэлхүүсийг дангаар нь тусгаарласан байдлаар хөдөлгөж бүжиглэдэг онцлогтой.
Үндсэн хөдөлгөөнүүд:
Чичиргээ - гуяыг чичиргэх хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнийг хийхдээ хоёр гуяыг ээлжлэн маш хурдан хөдөлгөнө. Мөн нэг хөлөө ташуу тавин чичиргээ хийхдээ биеийн жин авч байгаа талын гуяыг чичиргэдэг. Бас мөрийг чичиргэх хөдөлгөөн хэвлийн бүжгийн чухал хэсэг байдаг.
Гарын үелзүүр хөдөлгөөн - илэрхийллийн чухал арга хэрэгсэл болохын зэрэгцээ бүжигчний гоо үзэсгэлэнг илтгэж, уян налархайг тодотгож өгдөг. Ихэнх тохиолдолд биеийн хөдөлж байгаа хэсгийн хоёр талд гараа байрлуулан үзэгчийн анхаарлыг тэрхүү хөдөлгөөнд чиглүүлнэ.
Гуяыг түлхэх - хэвлийн бүжгийн үндсэн хөдөлгөөний нэг. Биеийн жинг нэг хөлөөс нөгөө хөлд шилжүүлэх арга болдог ба хэвлээрээ гунхаж буй сэтгэгдэл төрүүлнэ.
Долгиолох - цээжийг тойрог маягаар урагш, дээш болон хойш түлхэн, бэлтгэх байдалд орох хөдөлгөөнийг давтсанаар тэмээ унаж яваа хүн мэт дүр байдлыг дүрсэлнэ. Мөн хэвлийн хэсгийг урагш хойш ээлжлэн хөдөлгөснөөр тэмээний явдлыг дүрсэлж болдог.Бэлхүүсний бүжиг доргилт өгдөггүй хөнгөн дасгал болдог учраас бүх насны хүмүүс хичээллэхэд тохиромжтой. Ялангуяа нас ахиж яваа хүмүүс яс сийрэгжихээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ихэнх хөдөлгөөн нь тухайн хэсгийг тусгаарлан дангаар нь хөдөлгөх онцлогтой тул биеийн уян хатанг сайжруулдаг. Гивлүүртэй бүжиглэхэд цээжин бие, мөр, гарын булчин бэхэждэг. Хуруувчин шигшрэгтэй бүжихэд гарын хурууны мэдрэмж хөгждөг. Бэлхүүсний бүжгийн гуяын хөдөлгөөн хөлийн булчин болон нурууны урт булчинг бэхжүүлнэ. Мөн сарын тэмдгийн мөчлөг алдагдсан эмэгтэйчүүдэд хэвлийн бүжиг хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Бэлхүүсний бүжиг сарын тэмгдийг тогтворжуулж, бэлгийн амьдрал болон ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Бүжиглэхийн ач тус

Хүн бүр бүжиглэх дуртай байдаг. Бүжиглэж чаддаггүй гэдэг ч тэд бүгд бүжгийн хэмнэлд татагдаж, мэдэрч, догдолдог. Ер нь, хүн бүр хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх дуртай байдаг шүү дээ. Өөдөсхөн бяцхан мөлхөө жаал хүртэл хөгжмийн аянд хөдөлж эхэлдэг биз дээ. Тэгэхээр хүн бүрт бүжгийн мэдрэмж, авьяас байдаг байх нь. Харин түүнийгээ хөгжүүлэх, эс хөгжүүлэх эсэх нь өсч торних явцдаа олж авсан сонирхол, хүмүүжлээс нь хамаардаг.

Тэгвэл бүжиг хэмээх энэ гайхалтай урлаг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг мэргэжилтүүнд ийнхүү зөвлөж байна. Хамгийн эхний ашигтай тал нь зүрхний өвчнөөс сэргийлнэ. Харин дараа нь... мэдээж, жин хасна. Үнэхээр бүжгээр хичээллээд долоо хоногийн дараа гэхэд л мэдэгдэхүйц үр дүн үзүүлдэг аж. Тиймээс бид та бүхэндээ бүжиг яагаад чиний биед сайн нөлөө үзүүлдэг вэ гэсэн асуултанд итгэлтэйгээр хариулах 7 шалтгааныг хүргэж байна.
Зүрхэнд дасгал болдог
Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг бусад биеийн тамирын дасгал, хөдөлгөөнтэй ижил үр дүнтэй. Тухайлбал, гүйлт, аеробикийн нэгэн адил бүжиг нь эрч хүчийг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлж, булчингийн өвдөлтөөс сэргийлдэг. Энэ тухай ч мөн мэргэжилтнүүд батлан хэлдэг. Америкийн спорт эмчилгээний үндэсний академийн ахлах физиологич хэлэхдээ “Бүжиглэх нь зүрхний үйл ажиллагаанд уламжлалт аргаас илүү үр дүн үзүүлж чаддаг” гэсэн байдаг.  Түүнчлэн бүжгээр хичээллэснээр уян хатан байдлыг нэмэгдүүлж, булчингийн үйл ажиллагааг ч бэхжүүлдэг байна.

Хөгжилтэй
Хэрвээ дасгал сургуулилт нь тааламжтай санагдахгүй бол хүмүүс хэзээ ч дахиж явахыг хүсэхгүй. Харин эсрэгээр нь дасгал, сургуулилт нь түүнд хөгжилтэй санагдаж эхэлвэл улам бүр идэвхийлэн хийдэг. Бүжиг яг л ийм. Учир нь бүжиглэх үед хүний биеэс сайхан мэдрэмжийн серотонин, эндорфиний даавар ялгардаг байна. Олонхи хүн би дасгал хийгээгүй, бүжиглэж байна гэж боддог. Гэтэл үнэндээ тэд хөгжилдөнгөө дасгал хийдгээ мэддэггүй.

Олон нийтийн
Мэдээж, бүжиг бол багийн, хосын, олон нийтийн урлаг эсвэл спорт. Эцсийн дүндээ чи зөвхөн өөртөө зориулж бүжиглэдэггүй шүү дээ. Хэн нэгэнтэй, хамт олонтойгоо, хостойгоо бүжиглэдэг. Тэгээд ч хамтдаа хийсэн дасгал сургуулилт, ганцаараа хийснээс илүү үр дүнтэй байдаг шүү дээ.

Хэн ч хийж чадна
Бүжгийн хамгийн сайхан нь хүн бүр бүжиглэж чаддагт байгаа юм. Зарим хүн өөрсдийгөө бүжиглэж чаддаггүй, авьяасгүй гэж боддог. Үнэндээ тэд хэд хэдэн удаа дасгал хийгээд л бүжгийн амтанд дурлаж эхэлнэ дээ. Хэрэв чи тэдний нэг бол яг одоо өрөөндөө хөгжмөө чангалаад хөгжмийн аясаар хүссэн хөдөлгөөнөө хийгээд үз. Аяндаа л хөгжим чамайг хөтлөөд явчихна. Хүн бүр бүжиглэж чадна. Гэхдээ хүн бүхэн шилдэг бүжигчин байх албагүй. Ямар бүжгийн тэмцээнд шалгуулах гэж байгаа биш. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ бодож байгаа хэрэг шүү дээ.

Тархины үйл ажиллагааг сайжруулдаг
Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг шигээ тархинд ч бас сайн нөлөөтэй. Оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Ялангуяа унших, ухаан сорьсон тоглоомонд чадвар дээшлүүлдэг. Судалгаагаар бүжиг сэтгэцийн олдмол өвчний эрсдэлийг 76 хувиар бууруулдаг гэжээ. Дашрамд сонирхуулахад, оюун ухаан сэргээхэд бүжгээс гадна дугуй унах, алхах, гэрийн ажил ч бас сайнаар нөлөөлдөг аж.

Бие хөнгөрдөг
Өргөн, далайцтай янз бүрийн хөдөлгөөнүүд нь чиний биед зориулсан хамгийн том аврагч. Өөр төрлийн холимог хөдөлгөөнүүдийг хамтад нь, олон дахин тогтмол хийснээр чиний бие аяндаа л хөнгөрөөд ирнэ. Бурхан хэнийг ч робот мэт хөшүүн хөдөлгөөнтэй зураагүй шүү дээ. Харин тогтмол хийдэг хөдөлгөөнүүд дээрээ бага зэргийн донж, өөрчлөлт нэмээд л хөгжмийн хэмнэлд тааруулан бүжсэнээр бидний сэтгэл санаа ч сэргэнэ.

Тэнцвэрийг сайжруулна
Дэлхий дээр жил бүр гурван хүн тутмын нэг нь 65 насандаа хорвоог орхидог. Дунджаар шүү дээ. Харин энэхүү наслалтын дундаж хэмжээг илүү урт болгохын тулд юу хийх ёстой вэ. Бүжгийн дэгжин туфлин дээрээ сайн гэгч нь эргэлд. Юу гэсэн үг вэ гэхээр саяхны нэгэн судалгаагаар бүжиглэх нь биеийн тэнцвэржилтийг сайжруулдаг аж. Тэгэхээр амархан тэнцвэрээ алдаж унах аюулаас сэргийлдэг байх нь. Харин нас дээр гарсан үед ч биеийн тэнцвэрээ хадгалах чадвар нь хэр бүжиглэснээс шалтгаална гэсэн үг. Космо уншигчдын хэнбугай ч өөрсдийгөө 40, 50 гарсан гэж гололгүйгээр гэртээ дуртай аян дээрээ “таанц” эргээд байж дээ.


Бүжгээр хичээллэх болон байнгийн дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлснээр таньд өгөх үр өгөөж



Monday, August 19, 2013

Латин Америк бүжгийн түүх



Латин-Америкийн бүжгийн түүх

Дэлхий дахинаа дэлгэрсэн олон бүжгүүд Латин Америкаас гаралтай байдаг. Жишээ нь: Мамбо, Салса, Меренга, Ла Конга, Ламбада, Каримба, Макарена, Кимбиаг дурдаж болно. Гэвч Самба, Румба, Пасодобль, Ча Ча, Жайв гэсэн 5 бүжиг шилэгдэн, Олон улсын Бүжгийн спортын тэмцээний хөтөлбөрт орсон байна. Эдгээр бүжгүүдийг үргэлж эрэгтэй эмэгтэй хүмүүс хослон хийдэг бөгөөд нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжихдээ зарим үед цэнгээнт бүжгийн барилтаар, зарим үед нэг гараар барилцдаг. Латин-Америкийн бүжгийн хөдөлгөөнүүдийг заахад зориулан янз бүрийн түвшинд стандартчилсан ба үг хэллэг, техник, хөгжмийн хэмнэл, хурдыг олон улс даяар хүлээн зөвшөөрчээ. Гэвч үргэлж ийм байсангүй. Эдгээр бүжгүүд зөвхөн 20-р зуунд л Баруун Европт танил болсон байна.

Уянга, хайрын хэл болох Итали, Франц, Испани, Португали, Румын зэрэг хэлнүүд эртний Латин хэлнээс үүсэлтэй ба тэдний соёл Америкийн гол чухал хэсгүүдэд түгэн дэлгэрсэн байна. Дээрхи бүжгүүдийн 3 нь энэ нутгаас, 1 нь Испани/Францаас, 1 нь АНУ-аас үүсч нэгтгэгдэн, одоо Олон улсын Латин-Америкийн стандартчилагдсан бүжиг болсон. "Латин-Америкийн" гэдэг нь "Латин Америк" гэдэг газар зүйн бүсийн тайлбараас илүүтэйгээр "Латин ба Америк" гэдгийн хураангуйлал юм. Латин Америкаас 3 бүжиг Индиан, Европ, Негр бүжгүүдээс үүсч, хувьсаж хөгжин өнөөгийн хэлбэрийг олжээ. Европын эзлэн түрэмгийлэгчид Индианчуудыг ятган ажиллуулж дөнгөхгүй байсан учир Баруун Африкийн янз бүрийн газруудаас негр боолуудыг Америк руу импортлох болсон байна. 1553 оны байдлаар Мексик дахь негрүүд европчуудын тооноос давснаас дэд хаан Луйс де Веласко Испанийн V Чарлезаас энэ байдлыг хуулиар хориглохыг шаардаж байлаа.

Европ, негр, индианчуудын соёлын хувьд бүжиг бол чухал байр суурь эзэлдэг байв. 1569 онд Мексик дэх дэд хаан Веласко баяр хуримын үед болон бүтэн сайн өдөр, гэхдээ зөвхөн үдээс хойш 12-18 цагийн хооронд бүжиглэж болохыг тушааж байжээ. 17, 18-р зууны туршид дээрхи соёлууд аажимдаа холилдон Креолын шинэ соёл бий болов. Европын бүжгүүд Латин Америкт орж ирэхэд тэд хүлээн авч ’креолжуулсан’ байна (Креол гэдэг нь Латин Америкт төрсөн цагаан хүн гэсэн утгатай үг). Кубад Контраданс (Contradance)-аас цохилт нь өөрчлөгддөг Контраданз Хабанера бий болжээ. Энэ нь "Данзон" болж, хожим хөгжим нь өөрчлөгдөн "Сон" гэдэг товч нэртэй дараах хэмнэлтэй болов.

1795 онд энэ хэмнэл Бразилд очиж Модинха (хайрын дуу) болсон ба 19-р зууны эхээр Европт дэлгэрч байжээ. Цохилт нь өөрчлөгддөг ийм хэмнэлүүд Латин-Америкийн бүх бүжгүүдийн онцлог юм.

Орчин үеийн бүжгийн тухай /Contemporary Dance/


Орчин үеийн бүжгийн тухай

Орчин үеийн бүжгийн урлаг хүмүүст эрх чөлөө олгож байна. Өөрийгөө мэдэрч чадвал огторгуйд аялж, vvлс хөлөглөж, далайн гvнд шумбана. Загас, өт хорхойн амьдралаар амьдарч, ургамал, чулуу, угалз хээ болж хувирна. Гагцхүү, та хүсэх юм бол шүү дээ.
“Орчин vеийн” гэх тодотголтой боловч бvжгийн энэ урлагийн тvvхөнгөрсөн зууны босгон дээр эхэлжээ. Дэлхий нийтэд “контемпэрари бүжиг” гэдэг нэрээр илүү алдаршсан байдаг. Гэвч бүжиг гэж хүлээн зөвшөөрөгдтөлөө нэлээд “зовлон” туулж. Америкийн бүжигчин Айседора Данканыг энэ төрлийг “загалмайлсан эх” гэх боловч түүх сөхөж үзвэл тэр анхдагч биш бололтой.1891 онд бүжигчин Лой Фуллер үзэгчиддээ галын урс­галын гайхамшгийг харуулахын тулд тусгайлан бэлдсэн тос түрхсэн торгон хувцас өмсөж, түүндээ гал тавин бүжиглэж байсан гэдэг. Энэ нь тухайн үедээ олныг гайхаш­руулсан туршилт байсан төдийгүй мань эр шинэ бүтээлдээ зохиогчийн эрх авч амжсан байна.

Гэхдээ л модерн бүжгийг Германд анх үүссэн гэж үздэг аж. Энэ улсад Рудольф фон Лабан гэж элдэвтэй залуу байж л дээ. Бүжиглэхээсээ илүү зурна, жүжиглэнэ, бас адармаатай аялалд дуртай. Тэрээр гэнэт л олны дунд янз бүрийн этгээд сонин хөдөлгөөн хийж үзүүлэх болсон нь хүмүүст яагаад ч юм таалагдаж орхиж. Магадгүй, тайзны бачуухан орон зайнаас үл хамаарч, гэрэл, хөгжмийн тогтсон хэм хэмжээ, бүжгийн техникээс татгалзсан нь тэдний аазгайг хүргэсэн байж мэднэ. Өөгүй сайхан бие, үегүй юм шиг өвөрмөц сонин үйл хөдлөл гээд л энэ бүхэн тэр үеийн бийлэгжүү болон дундаж давхаргынхны үзэж заншсан бүжгээс тэс өөр зүйл байлаа.
Удалгүй энэ төрөл хүчээ авч эхлэв. Ийм зүйл байж болохыг хүлээн зөвшөөрч чадах, оюун санааны эрх чөлөөтэй хүмүүс л тулгын чулууг тавилцсан юм.

Тэд бол Эмиль Жак-Далькроз, Айседора Данкан, Рут Сен-Дени, Марта Грэхэм. Энэ төрлөөр бүр сургууль нээж байж.  

Тухайлбал, хатагтай Айседора Данкан бүжгийн шинэ урсгалыг Америкт   хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэрээр Ницшегийн философийг дэмжиж, эртний Грекийн бүжгийн хэм хэмнэлийг таашаадаг нэгэн. Бүсгүй үргэлж грек маягаар хувцас­лаж хөл нүцгэн бүждэг бай­сан гэдэг. Мөн сонгодог бүжгийн хатуу дүрэм журам нь байгалийн ёсны эсрэг, жигшүүртэй зүйл гэж үздэг байж. Түүнийхээр бол, эртний Грекийн бүжиг шижир алт төдийгүй шилдэг урлаг, “ирээдүйн бүжиг” аж. Энэ эмэгтэй “Байгалийн жам ёс, зүрх сэтгэлээ дагах” гэсэн шинэ философийг бүжгийн урлагт оруулж ирсэн юм. Гэвч тэр нутагтаа Европт байсан шигээ тийм ч алдартай явсангүй.

Октябрийн хувьсгалын роман­тикт татагдсан Айседора Данкан 1920 онд   Орост анх хөл тавьжээ. Оросын нэртэй яруу найрагчтай гэрлэсэн тэрээр эндээс аз жаргалаа олно гэж найдаж байв. Бас шинэ урсгалаа дэлгэрүүлж чадна гэж итгэж байв. Гэвч түүний санаснаар болсонгүй, учир нь энэ орны ард түмэн хэтэрхий ядуу. Архинд орсон, бисексуалист гэгддэг Есенин ч түүнд хань болсон­гүй. Засгийн газрын гишүүд ч амласнаа биелүүлсэнгүй, харин ч хөнгөн сэтгэлтэй бүсгүйг төр­хөмд нь буцаахын түүс болж байж…

Модерн бүжгийн хөгжил гараа шигээ сайн байгаагүй юм. Дэлхийд алдартай   “Фолькванг” сургуулийг үндэслэгч Лабана Курт Йосс анхдагчдын нэг байсан ч эргээд сонгодог бүжигтээ анхаарал тавих болжээ. Учир нь хүмүүс нэг л ойлгохгүй байлаа. Удалгүй Германд Үндэсний социалист ажилчдын нам хүчээ авсан нь дэгжин дэлгэрэхэд саад болж байж.

Орчин үеийн бүжгийн урсгал Америкт хэсэг саатаж, дэлхийн хоёрдугаар   дайны дараа Германд дахин хүчээ аван, Европ даяар тархжээ.

Азид хүртэл дэлгэрч байж. 1950 онд Японд “бүто” хэмээх шинэ төрөл бий   болжээ. Үүнийг “Сүүдэр сүнсний бүжиг” ч гэж нэрлэдэг. Үндэслэгч нь Туцуми Хизикато. Тэрээр Америк орон гэхээс илүү бүжиг дэглээч Вацлав Нижинскийн туршилтын нөлөөнд энэ бүхнийг эхлүүлсэн аж.

“Бүто” бүжигчид театрын давчуу, баригдмал орчин болон бүжиг   дэглэгчдээс татгалзаж эхэлжээ. Хөл нүцгэн гүйлдсэн тэд бие махбодоо мэдрэмжээр дүүргэхийг илүүд үзэх болж. Харин биеийн хөдөлгөөний гоо сайхан тийм ч чухал зүйл биш байв.

Ганцхан “бүто” ч биш юм. 1960-аад оны эхээр цоо шинэ, шинэ урсгалууд   бий болж эхэлжээ. Олон янзын ёс заншил, үндэстэн ястны холимог орчин энэ бүжгийн төрлийн нэг онцлог байх болж.

Энэ үеэс л анхны модерн бүжигчдийн мөрөөдөл ерөнхийдөө биелсэн гэж   хэлж болно. Учир нь энэ бүжгээр дамжуулан хэдэн мянган орон зай бий болж, тус бүртээ өөр өөрийгөө илэрхийлэх арга барилтай болж байв. Өөрөөр хэлбэл, газар орон, ёс заншил, хэл соёлын зааг арилснаар хорио цээр гэсэн ойлголт үгүй болсон аж. Зүйрлэх юм бол, чех гаралтай, англи боловсролтой, Голландад амьдардаг хүнтэй ижил гэсэн үг. Жишээ нь, “бүто”-д бүжигчин нь ухаан суусан, ахмад настай байх тусмаа сайн. Иржи Килиан гэгч бүр бүжгийн “ахмад дайчид”-аас бүрдсэн чуулга хүртэл байгуулжээ. Мерс Каннингем хэмээх бүжигчин 80 хүрсэн хэрнээ тайзнаас буусан­гүй, өнөө хэр нь модерн бүжгээ хийсээр л явна. Уг нь ном ёсоороо бүжиг гэдэг залуу хүний хийх ажил биз.

1970-аад онд модерн бүжиг Европт улам бүр хүчээ авчээ. Сонирхогчид ч   олноор гарч ирж. Тухайлбал, Ян Фабр. Найруулагч, илбэчин, бүжгийн ямар ч боловсролгүй хэр нь хүмүүс түүнийг үзэх дуртай. Белгийн “контем­пэрари бүжиг”-ийн гол үзэл сурталч гэгдэх болсон.

Яагаав, дойч эр Рудольф фон Лабаныг санаж байна уу. Бас л мэргэжлийн   бус. Эмиль Жак-Далькроз гэхэд хөгжимчин, хөгж­мийн зохиолч. Ер нь дуртай хүн бүхэн л бүжгээр “занимальдах” болсон аж.

Энэ төрөлд биеийн галбир гол биш. Погжий, эсвэл горзгор, махлаг ч   байсан болно. Зүс царай ч чухал биш. Филипп Декуфле гэгч франц эр циркийн элемент оруулснаар гаж царай, эв хавгүй бие энэ удаа харин ч зол, давуу талд тооцогдож байна. Ер нь энэ бүжигт орой, хязгаар, хэм хэмжээ гэж үгүй.

Өнөөдөр энэ бүжгийн нэр төрлийг яс махчлан ойлгоход амаргүй. Энэ нь мэдээж сэтгэл­гээний цараатай холбоотой байх л даа.  

Free dance, Expressionist dance, Ausdruckstanz, Postmodern dance,   Contemporary dance л гэнэ. Postmodern dance гэхэд дотроо contemporary dance, dance improvisation, contact improvisation, dance for camera, dance technology гэхчлэн олон янз. Бас австрали, европ, канад, белги, америк маягийн гэж төрөлжинө.