Tuesday, August 20, 2013

Бүжиглэхийн ач тус

Хүн бүр бүжиглэх дуртай байдаг. Бүжиглэж чаддаггүй гэдэг ч тэд бүгд бүжгийн хэмнэлд татагдаж, мэдэрч, догдолдог. Ер нь, хүн бүр хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх дуртай байдаг шүү дээ. Өөдөсхөн бяцхан мөлхөө жаал хүртэл хөгжмийн аянд хөдөлж эхэлдэг биз дээ. Тэгэхээр хүн бүрт бүжгийн мэдрэмж, авьяас байдаг байх нь. Харин түүнийгээ хөгжүүлэх, эс хөгжүүлэх эсэх нь өсч торних явцдаа олж авсан сонирхол, хүмүүжлээс нь хамаардаг.

Тэгвэл бүжиг хэмээх энэ гайхалтай урлаг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг мэргэжилтүүнд ийнхүү зөвлөж байна. Хамгийн эхний ашигтай тал нь зүрхний өвчнөөс сэргийлнэ. Харин дараа нь... мэдээж, жин хасна. Үнэхээр бүжгээр хичээллээд долоо хоногийн дараа гэхэд л мэдэгдэхүйц үр дүн үзүүлдэг аж. Тиймээс бид та бүхэндээ бүжиг яагаад чиний биед сайн нөлөө үзүүлдэг вэ гэсэн асуултанд итгэлтэйгээр хариулах 7 шалтгааныг хүргэж байна.
Зүрхэнд дасгал болдог
Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг бусад биеийн тамирын дасгал, хөдөлгөөнтэй ижил үр дүнтэй. Тухайлбал, гүйлт, аеробикийн нэгэн адил бүжиг нь эрч хүчийг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлж, булчингийн өвдөлтөөс сэргийлдэг. Энэ тухай ч мөн мэргэжилтнүүд батлан хэлдэг. Америкийн спорт эмчилгээний үндэсний академийн ахлах физиологич хэлэхдээ “Бүжиглэх нь зүрхний үйл ажиллагаанд уламжлалт аргаас илүү үр дүн үзүүлж чаддаг” гэсэн байдаг.  Түүнчлэн бүжгээр хичээллэснээр уян хатан байдлыг нэмэгдүүлж, булчингийн үйл ажиллагааг ч бэхжүүлдэг байна.

Хөгжилтэй
Хэрвээ дасгал сургуулилт нь тааламжтай санагдахгүй бол хүмүүс хэзээ ч дахиж явахыг хүсэхгүй. Харин эсрэгээр нь дасгал, сургуулилт нь түүнд хөгжилтэй санагдаж эхэлвэл улам бүр идэвхийлэн хийдэг. Бүжиг яг л ийм. Учир нь бүжиглэх үед хүний биеэс сайхан мэдрэмжийн серотонин, эндорфиний даавар ялгардаг байна. Олонхи хүн би дасгал хийгээгүй, бүжиглэж байна гэж боддог. Гэтэл үнэндээ тэд хөгжилдөнгөө дасгал хийдгээ мэддэггүй.

Олон нийтийн
Мэдээж, бүжиг бол багийн, хосын, олон нийтийн урлаг эсвэл спорт. Эцсийн дүндээ чи зөвхөн өөртөө зориулж бүжиглэдэггүй шүү дээ. Хэн нэгэнтэй, хамт олонтойгоо, хостойгоо бүжиглэдэг. Тэгээд ч хамтдаа хийсэн дасгал сургуулилт, ганцаараа хийснээс илүү үр дүнтэй байдаг шүү дээ.

Хэн ч хийж чадна
Бүжгийн хамгийн сайхан нь хүн бүр бүжиглэж чаддагт байгаа юм. Зарим хүн өөрсдийгөө бүжиглэж чаддаггүй, авьяасгүй гэж боддог. Үнэндээ тэд хэд хэдэн удаа дасгал хийгээд л бүжгийн амтанд дурлаж эхэлнэ дээ. Хэрэв чи тэдний нэг бол яг одоо өрөөндөө хөгжмөө чангалаад хөгжмийн аясаар хүссэн хөдөлгөөнөө хийгээд үз. Аяндаа л хөгжим чамайг хөтлөөд явчихна. Хүн бүр бүжиглэж чадна. Гэхдээ хүн бүхэн шилдэг бүжигчин байх албагүй. Ямар бүжгийн тэмцээнд шалгуулах гэж байгаа биш. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ бодож байгаа хэрэг шүү дээ.

Тархины үйл ажиллагааг сайжруулдаг
Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг шигээ тархинд ч бас сайн нөлөөтэй. Оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Ялангуяа унших, ухаан сорьсон тоглоомонд чадвар дээшлүүлдэг. Судалгаагаар бүжиг сэтгэцийн олдмол өвчний эрсдэлийг 76 хувиар бууруулдаг гэжээ. Дашрамд сонирхуулахад, оюун ухаан сэргээхэд бүжгээс гадна дугуй унах, алхах, гэрийн ажил ч бас сайнаар нөлөөлдөг аж.

Бие хөнгөрдөг
Өргөн, далайцтай янз бүрийн хөдөлгөөнүүд нь чиний биед зориулсан хамгийн том аврагч. Өөр төрлийн холимог хөдөлгөөнүүдийг хамтад нь, олон дахин тогтмол хийснээр чиний бие аяндаа л хөнгөрөөд ирнэ. Бурхан хэнийг ч робот мэт хөшүүн хөдөлгөөнтэй зураагүй шүү дээ. Харин тогтмол хийдэг хөдөлгөөнүүд дээрээ бага зэргийн донж, өөрчлөлт нэмээд л хөгжмийн хэмнэлд тааруулан бүжсэнээр бидний сэтгэл санаа ч сэргэнэ.

Тэнцвэрийг сайжруулна
Дэлхий дээр жил бүр гурван хүн тутмын нэг нь 65 насандаа хорвоог орхидог. Дунджаар шүү дээ. Харин энэхүү наслалтын дундаж хэмжээг илүү урт болгохын тулд юу хийх ёстой вэ. Бүжгийн дэгжин туфлин дээрээ сайн гэгч нь эргэлд. Юу гэсэн үг вэ гэхээр саяхны нэгэн судалгаагаар бүжиглэх нь биеийн тэнцвэржилтийг сайжруулдаг аж. Тэгэхээр амархан тэнцвэрээ алдаж унах аюулаас сэргийлдэг байх нь. Харин нас дээр гарсан үед ч биеийн тэнцвэрээ хадгалах чадвар нь хэр бүжиглэснээс шалтгаална гэсэн үг. Космо уншигчдын хэнбугай ч өөрсдийгөө 40, 50 гарсан гэж гололгүйгээр гэртээ дуртай аян дээрээ “таанц” эргээд байж дээ.


No comments:

Post a Comment